Н.Ганибал: “Монголоо сонсъё” аян энэ сарын 14-нд нээлтээ хийнэ
    2018 оны 05 сарын 10 нд
    e214720d5feaa4bed24d8165f153e99f.jpg

    Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монголоо сонсъё” үндэсний аян 2018 оны тавдугаар сарын 14-ний 11.30 цагт “Blue sky” зочид буудлын хурлын танхимд нээлтээ хийх гэж байна. Үндэсний хэмжээний энэхүү аяны бэлтгэл ажлын явцын талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибалаас тодрууллаа.

    -Ардчилсан нам анх удаа сонгуулийн бус цагаар үндэсний хэмжээний томоохон аяныг зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

    -“Монголоо сонсъё” үндэсний аяны бэлтгэл ажил хангагдлаа. ҮБХ-ны гишүүд маань орон нутагт ажиллахдаа намын шинэчлэлийн талаар, улстөрийн байр суурь, Ардчилсан намын үзэл баримтлалын шинэ төслийг нийтэд танилцуулж, хэлэлцүүлж, гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг авах зэрэг ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Намын шинэчлэгдсэн дүрэм анхан шатандаа хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, ололт хийгээд алдаа, дутагдлын талаар гишүүд, дэмжигчдийн саналыг сонсох, бодлогын зөвлөл, салбар хороодын танилцуулгыг хийж газар дээр нь зохион байгуулах гэсэн үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянгол дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр суманд тус тус “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулсан. Хэрхэн үр дүнтэй өдөрлөг зохион байгуулах вэ, иргэд, гишүүд, дэмжигчдэд хэрхэн мэдээллээ хүргэх вэ гэдгийг энэхүү жишиг өдөрлөгт оролцсон хүмүүс харсан байх.

    -Аяны нээлт хэзээ вэ?

    -“Монголоо сонсъё” үндэсний аян цаг хугацааны хувьд 2018 оны тавдугаар сарын 14-өөс зургаадугаар сарын 14-ний өдрүүдэд буюу бүтэн сарын турш үргэлжилнэ. Нээлтийн арга хэмжээ 2018 оны тавдугаар сарын 14-ний 11.30 цагт “Blue sky” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд, нийт гишүүд, дэмжигчдийн төлөөлөл оролцоно. Орон нутгийн онцлогоос хамаарч 2-3 суманд тавдугаар сарын 13-аас аяныг эхлүүлэхээр төлөвлөсөн. Учир нь олон хүн амтай, аймгийн төвийн олон багтай зэрэг тухайн орон нутгийн онцлогт нь тохируулах арга хэмжээгээ зохион байгуулах нь чухал.

    -Орон нутагт нийт хэчнээн менежер, нарийн бичгийн дарга ажиллах вэ, зохион байгуулалтад Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын хамт олон ямар оролцоотой ажиллаж байна вэ?

    -УИХ-ын 76 тойргийг хуваахад 48 тойрог орон нутагт ногддог. Тиймээс 48 тойргийн менежер орон нутагт ажиллана. Үүнээс гадна ҮБХ-ны гишүүд мөн 48 тойрогт ажиллахаар төлөвлөж байна. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын ажилчдын хувьд намын бодлого, шийдвэр, шинэчлэлийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллана. Ер нь нийт менежерүүд, ҮБХ-ны гишүүд, орон нутгийн намын хорооны гишүүдэд анхааруулж хэлэхэд намын зүгээс өгч буй чиглэлийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Бидний үндсэн зорилго бол ард түмний саналыг сонсч, бодит мэдээллийг цуглуулах. Аяны нэр нь ч “Монголоо сонсъё” гэж байгаа шүү дээ.