Л.БОЛД: ТОМ БҮЛЭГЛЭЛҮҮД ХЭН НЭГНИЙГ ЗОЛИОСОЛЖ, АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ, ДОТРОО ХЭМЛЭЛДЭЖ БАЙНА
    2018 оны 05 сарын 03 нд
    d9b0c09a957fd8f90c4b357f402e9621.jpg

    УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


    -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж буй зарчмын асуудлуудад та ямар байр сууртай байна вэ?

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг харахад бөөн будлиан байна лээ. Наанаа том, том асуудлууд ярьж байгаа ч цаанаа өөр зорилготой. Анх оруулж ирсэн төсөл аажим аажмаар байр сууриа тавьж өгөөд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж байснаа болиод ухралт хийсэн. Үүнийхээ цаана сонгуулийн пропорциональ тогтолцоог авч үлдэж байгаа юм шиг байна л даа. Намын жагсаалтаар сонгогдох тогтолцоо руугаа явж байна. Ингэснээр үндсэн шатан дээр томилгоог босоо удирдлагатай болгох гэж байна. Яаж ч бодсон Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулбал иргэд хохирно. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоо байхгүй болчихно. Нэг ёсондоо коммунист хувьсгал болж байна гэсэн үг. Нам улсыг барьчихдаг байлаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөх малгайн дор ардчилсан хувьсгалаа буцаах гэсэн далд санаархал байна гэж харж байгаа.

    -МАН төрд гарч ирсэн дээрээ үндсэн хуулийг өөрчилж, ноёрхлоо тогтоох гэж байна гэж үү?

    -Ер нь бол тийм. 65-ын бүлэг айлгаж байгаад дахиж 50, 60 жил ноёрхож, бүх өмчөө хувааж аваад баталгаажуулах гэсэн л улс байна шүү дээ.

    -Тэгвэл үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэдгийг та дэмжиж байна уу?

    -Үндсэн хуулиа анх яаж баталлаа даа. Бүх ард түмнээсээ санал авч байгаад баталсан. 1990 оноос хойш Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Дордуулсан долоон өөрчлөлт буруу, хууль бус байсныг бүх талаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн түрүүнд дордуулсан долоон өөрчлөлтөө засах юм бол тулгамдсан олон асуудал цэгцэрч, хариуцлагатай болно. Гэтэл өнөөдөр хуйвалдааны улс төрөө авч үлдэхийн тулд Үндсэн хуулиа гуйвуулсан, мөрддөггүй, зөрчдөг, Үндсэн хуулийн эсрэг хуулиуд олон байгаа. Тэр гажуудлаа засахын оронд Үндсэн хууль хэмээх нийгмийнхээ том тогтолцоог олон түмний зодуурын бай болгож байгаад цаана нь тодорхой бүлэглэл төр, эдийн засгийн эрх мэдлийг мөнхөд гартаа авахаар хуйвалдаж байна шүү дээ.

    -Судалгаанаас харахад “Ард түмний асуудлыг намууд шийдэж чадахгүй байна. Тиймээс тэдэнд итгэхгүй байна” гэж иргэд үзсэн байна лээ?

    -Яагаад эрх баригчид пропорциональ тогтолцоо руу орох гээд байна вэ гэхээр намууд хог дээр үсэрчих гээд байгаа болохоор. Ард түмний 80 хувь нь намуудын эсрэг байдаг. Тэгэнгүүт Үндсэн хуулийн аргаар намууд энэ том бүлэглэлээ авч үлдэх гэж найр тавиад л цаашаа явж байх юм байна л даа. Хэрэв Үндсэн хуулийг ингэж өөрчилчихвөл ард түмэн бослого гаргана. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас дутуугүй эмх замбараагүй байдал болох аюултай.

    -Тийм зүйл болбол сайн зүйл авчрахгүй шүү дээ?

    -Манай хөгжил улам л хойшилно. Тиймээс залуу-чууддаа илүү боломж олгоод, дэлхий дахин даяаршиж байгаа шударга ёсны тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй байна.

    -Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж танай намын бүлэг үзсэн. Энэ дэд хороо хэзээ хуралдах вэ?

    -Маргааш (өнөөдөр) Тусгай хяналтын дэд хороо хуралдана. Тэр хурлаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг хэлэлцэж, шийдэх ёстой. Цаанаа ямар нэгэн эрх мэдлийн төлөөх тэмцэл, өшөө авалт биш байгаасай гэж хүсч байна. Ардчилсан, ил тод нийгэмд сэтгүүлчдийг тагнаж, чагнах асуудал яав ч байх ёсгүй. Энэ асуудлыг шалгаад үнэн мөнийг нь тогтоох ёстой.

    -УИХ-ын чуулганаар “Цахим түр хороо” байгуулах тухай яригдаж эхэллээ. Таны хувьд цахим эрх чөлөөний асуудлаар нэлээд ажиллаж байсан байх аа?

    -Өнгөрсөн парламентад Цахим эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих гээд олон талаас нь зүтгэсэн. Одоо Цахим түр хороо байгуулна гэхээсээ илүү Цахим эрх чөлөөтэй тухай хуулийг гаргах ёстой. Энэ бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Үүнийгээ хуулиараа баталгаажуулж авах хэрэгтэй. Бид дэлхийн онлайн эрх чөлөөний эвслийг зарлаад, сайд нарын хурлыг нь Монголд зохион байгуулж энэ чиглэл рүү нэлээд ажил хийж байсан. Нэгэнт энэ хуулийг гаргах асуудал хойшилж байгаа бол түр хороог байгуулах нь зөв. Улмаар түр хорооны үүрэг нь хуулиа бодитой гаргахад орших ёстой. Тэрнээс түр хороо байгуулаад цахим эрх чөлөөг хязгаарлаж, Монгол Улсын хөгжлийг ухраах гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Үүнийг зөв тийш нь ажиллуулах тал дээр анхаарч ажиллана.

    Манайхан үе, үехэн коментууд, блогуудыг хааж, хяналтад оруулна гээд онлайн эрх чөлөөнд халддаг. Үүнд ямар нэг хуулийн хязгаарлалт, төрийн оролцоо байж болохгүй. Энэ бол үнэхээр осолтой. Мэдээж гүтгэлэг зэрэг байх юм бол шүүдэг асуудал тусдаа, гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарна. Нөгөөтэйгүүр манай улсын хүн амын хэдэн хувь нь цахим эрх чөлөөгөө эдэлж чадаж байна вэ гэвэл тэгш бус байна. Хүүхэд болгон цахим ертөнцөд холбогдох үндсэн эрхтэй болох ёстой. Гол нь цахим эрх чөлөө бол сайн, сайхан ирээдүйг авчрах гээд байгаа юм. Одоо үүнийг хумьчихвал бугласан эдийн засгийн том бүлэглэл Монгол Улсыг залгичих нь шүү дээ.

    -Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр боллоо. У.Хүрэлсүхийн танхим нийт хүүхдүүдийн 80 хувьд нь энэ мөнгийг олгоно гэж байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой юу?

    -Үнэхээр энэ Их хурал үнэнд гүйцэгдлээ. Зөв шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгчийн хувьд том ялалт байгуулсан. Юу гэж ОУВС хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олго гэсэн шаардлага тавих вэ дээ. Тэгээд олон улсын байгууллагын ард нуугдаад хүүхдийн мөнгийг танасан Засгийн газрын хувьд энэ бол ёс суртахуунгүй асуудал. Ардчилсан намын бүлэг хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа асуудлыг буруу гэж үзэж байгаа. Хүүхдийн мөнгө гэдэг бол баян, хоосны ялгааг харуулсан асуудал биш. Энэ бол Монголын бахархал. Хаана, ямар гэр бүлд төрсөн нь огт хамаарахгүйгээр монгол хүүхэд болсныхоо төлөө сар бүр 20 мянган төгрөг авч байна гэдэг бол эрх чөлөөний асуудал. Гэтэл Засгийн газар үүнийг гуйвуулаад “Чи ядуу айлын хүүхэд учраас мөнгө өгч байна” гээд нийт хүн амынхаа 80 хувийг ядуу гэж зарлаж байна. Хүүхдийн мөнгө авдгийг гутамшиг болгож байна. ОУВС-гийнхан Засгийн газрыг зардлаа тана гэсэн болохоос хүүхдийн мөнгийг хасч, ялгавартайгаар олго гээгүй. Үнэндээ Засгийн газрын зардал дэндүү их байна. Сайд нарынх нь бизнес хэрээс хэтэрлээ. Ганцхан “Эрдэнэт” дээр гэхэд улсаа тойрсон юу болж байна гээч. Хэдэн жилийн хүүхдийн мөнгийг тушаах гэж байна шүү дээ. Түрүүнд нь “Хан ресурс”-ийн асуудлаас болж хүүхдийн хэдэн жилийн мөнгийг Арбитрт өгөөд туучихсан. Гэтэл монгол хүүхдийнхээ арав, хорин хувийг хүүхэд биш болгож ялгаварлах нь туйлын буруу. Гол ач холбогдлыг нь ойлгоод, шийдвэрээ зөв гаргачихвал төсөвт ямар ч хүндрэл дарамт байхгүй.

    -УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхээр хэлэлцэж буй уг төслийн талаар та юу хэлэх вэ?

    -Төрийн хамгаалалт, УИХ-ын гишүүний хамгаалалт гэдэг бол ард түмний хамгаалалт юм. Ард түмэн гишүүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл тэрийг нь бөлдөгдөнө гэж ярьдаг. Түрүүчийн Их хуралд барьцаалагдаж байгаад Засгийн газраа унагаалгаж байгаа нь ард түмний эрхэнд халдаж буй асуудал. Янз бүрийн хуурамч хэрэг нээгээд л, ойр дотны хүмүүсийг нь мөрдөж мөшгөөд л. Ямар нэг асуудалгүй хүн ч гэсэн айдаг. Тэрийг хамгаалахын тулд халдашгүй эрх үйлчилж байгаа. Энэ хүртлээ Их хурлын гишүүн хүн хэрэгт холбогдох юм бол тухайн холбогдсон хэргээ очоод шалгуулж, байцаалтаа өгнө. Тэгээд тэр хүн буруутай нь шүүхээр тогтоогдвол дуусаа. Тэр хүн гишүүн биш. Тэрнээс шууд тухайн хүнийг байцааж байхад шоронд сар гаран хорьчихоод нэг удаа байцаалт авна гэдэг бол Монголын ард түмэн шоронд орчихож байна гэсэн үг. Үнэн хэрэгтээ шүүхийн шийдвэр гарч байж тэр гишүүн Монголын ард түмний төлөөлөл биш болох учиртай. Хэрвээ дуудахад очихгүй “Энэ хүн гишүүн байх нөхцөлөө хангахгүй байна” гээд автоматаар хуулийн шийдвэр гарна. Аль хэдийнээ гишүүн биш болчихож байгаа юм. Тэгээд тэр хүнээ аваад явах нь хуулийн байгууллагын асуудал. Энэ хоёрыг зөв ялгах ёстой. Ингэж байж Монголын парламентын дархлаа хамгаалалт сайн байна. Их хурлын гишүүн дөрвөн жилд нэг удаа ард түмнээсээ сонгогдоно. Үнэхээр хэл, амтай, асуудалтай, эргэлзээтэй нөхөр бол ард түмэн өөрөө шийдвэр гаргана. Энэ бол ард түмний хэнтэй ч хуваалцдаггүй эрх шүү дээ.

    Гэтэл үүнийг одоо өөрийнхөө эрхшээлд оруулах гээд байна. Гишүүдийг нээлттэй болгож, хэнийг, хэзээ ч яаж ч болно гэж байх шиг. Ингэх юм бол Монголын төр өөрийнхөө эрх мэдлийг гадагшаа алдчихаж байгаа юм. Ард түмэн сонгоогүй тогтолцоонд эрх мэдлээ алдчихаж байгаа байхгүй юу. Өнөөдөр манай ардчиллын гол амин судас нь ард түмэн эрх мэдлээ 76 гишүүнд шилжүүлчихдэг. Хэнтэй ч хуваалцаж болохгүй энэ эрхийг өөр хүн мэддэг болчихоод байна шүү дээ.

    -Оюу толгойн гэрээтэй холбоотой хоригдож буй хүмүүсийг эргэж очиход ерөөсөө байцаалт аваагүй гэж байсан байх аа. Тэднийг үргэлжлүүлэн хорихоор болсон байна лээ?

    -УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний хувьд бүгдийнх нь нөхцөл байдлыг очиж харсан. Маш харамсалтай зүйл болж байна. Мөрдөн байцаалтад ямар нэг байдлаар саад учруулахгүй, гараад зугтаачихгүй хүмүүсийг аваачиж хорьчихоод бүтэн сар байцаасан, байцаагаагүй гээд маргалдаад сууж байна.Энэ бол залхаан цээрлүүлэлт. Хүний эрхийн ноцтой зөрчил рүү явж байна гэсэн үг. Монголын төр улс төрийн шийдвэрийн төлөө тодорхой хүмүүс дээр хариуцлага ярих гэж байна гэсэн ойлголтыг олон нийт авчихлаа. Мэдээж мөрдөн байцаалтын нууцыг би ямар мэдэх биш. Барьж, хорьж байснаа хэрэг нь тогтоогдсонгүй гээд гаргах юм уу. Улс төрийн ороо бусгаа цагт бас л хоорондоо зөрчилдөж байгаа том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байгаа юм уу. Үнэхээр юу болоод байгааг мэддэг хүн ч байхгүй боллоо. Бямбасайханы хувьд 40 нас ч хүрээгүй сайхан мундаг мэдлэг боловсролтой залуу байна. Зургаа дахь хүүхэд нь төрөх гэж байхад түүнийг хорих шийдвэрийг зориуд гараад байгаа юм. Энэ залуу ямар боловсролтой, Монголд ямар их сайн, сайхан зүйл хийсэн билээ дээ. Шалгахад ямар нэг асуудал байхгүй. С.Баяртай бол уулзаагүй. Эмнэлэгт байгаа гэж сонссон. Эрүүл мэндийн тухайд асуудал байгаа гэнэ лээ. Харин Ариунсантай уулзсан. Эрүүл мэнд нь хүнд байсан. Монгол Улс бол үнэхээр Үндсэн хуулиа мөрдөж, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах ёстой. Мэдээжийн хэрэг асуудалд хариулт авах нээлттэй. Гэхдээ хүний эрхийн зөрчил гаргахгүй байх. Хүнлэг бус харьцааг төр гаргахгүй байх хатуу шийдвэр байх ёстой.

    -Улстөрчид нэгнийгээ намнаж, хариугаа авдаг тогтолцооны гажуудлыг яавал засч чадах вэ?

    -Энэ бол Үндсэн хуулиа гуйвуулсны үр дагавар шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлт бол Монголын парламентыг хүнд байдалд оруулсан. Ямар ч дотоод хариуцлагагүй болгочихлоо.

    -Б.Хурцтай холбоотой иргэдийн санал гомдлоор Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн Ж.Батзандан гишүүн та хоёрт эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал юу болсон бэ?

    -Хуулийн дагуу хамгийн анхны нийтийн сонсгол хийе гэхэд УИХ-ын удирдлагууд янз бүрийн шалтаг тоочиж байгаад хийлгээгүй л дээ. Б.Хурцыг маргааш нь хүчээр томилох гэж оролдсон. Тэр томилгооны өмнө ямартаа ч Их хурлын зургаан гишүүн иргэдийг сонсч нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхэд нь бид “Иргэдийн ярьсанд асуудал байсан юм болов уу” гэж бодож байв. Харин ч иргэдийн ярьсан зүйлд асуудал байхгүй. “Иргэдийн яриаг сонссон та нарт асуудал байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, Их хурлын гишүүний бүрэн эрхэд “иргэдийг сонсоно” гэдэг үг алга. Гэхдээ ийм үг бичих ямар ч үндэс байхгүй шүү дээ. Их хурлын гишүүн ард түмнээсээ сонгогддог. Тиймээс ард түмнээ сонсох нь тэр хүний үндсэн ажил. Өдөр болгон иргэдийг сонсч, өргөдөл, гомдлыг нь хүлээж авч хэлэлцүүлэг хийж байна. Харамсалтай нь “Их хурлын гишүүн иргэдээ сонссон нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг” гэж эрүүгийн хавтаст хэрэг нээж байна. Тэгэхээр энэ бол цаанаа нэг зохион байгуулалттай. Дарамт шахалт үзүүлж, үгэндээ оруулдаг болгох гэсэн оролдлого. Жишээлбэл, Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж байдаг. Амьд явах эрхтэй гэдгийн төлөө агаараар амьсгалах, хоол идэх эрхтэй гэж бичээгүй байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ “Та Монгол Улсын агаараар амьсгалж, монгол малын мах идэж байгаа нь гэмт хэрэгтэн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаас өөрцгүй юм.

    -УИХ-ын гишүүн ард түмнийг төрд төлөөлж байгаа биз дээ?

    -Тэр хүний үндсэн ажил бол энэ. Тэрэндээ үүргүүд бол байна. чуулган суу, байнгын хороонд суу. Төрийн байгууллагуудад ажилла,саадгүй нэвтэр гэсэн бүрэн эрх ч байна. Тэгсэн хэрнээ “Ард түмнийг сонс” гэж бичээгүй байна л даа.

    -Үндсэн хуулийн цэцэд хандахгүй юм уу?

    -Ямартаа ч эхний байцаалтуудаа авчихсан. Тэндээ ярьж байгаад цааш нь шийдэх байх л даа. Дээрээс нь ямар даалгавар өгнө, түүнийгээ хүлээж байгаа биз.

    -Иргэдийн өргөдлийг Их хурлын зургаан гишүүн сонссон байхад Ж.Батзандан гишүүн та хоёрт эрүүгийн хэрэг үүсгэснийг юу гэж харж байна вэ?

    -Бусад гишүүнийг гадна үлдээсэн нь олон асуулт үлдээгээд байна л даа.

    Эх сурвалж: Өдрийн сонин