З.Нарантуяа: Бидэнд Баялгийн санг удирдах мэргэжлийн хүмүүс хэрэгтэй
    2018 оны 04 сарын 25 нд
    fc90414824856d76ee4d84a8cb6316f2.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.

    -Баялгийн сангийн тухай хууль өргөн барих талаар яригдах боллоо. Гэтэл бидэнд Ирээдүйн өв сан, Хүний хөгжил сан зэрэг хэд хэдэн сан байгаа. Гэхдээ эдгээр сан өнөөдрийг хүртэл дорвитой үр өгөөж өгсөнгүй. Таны бодлоор бид юун дээр алдаад байгаа юм бол? 

    -Одоогийн Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй танилцаагүй байна. Гэхдээ бид баялгийн сангаа 10 жилийн хугацаанд буруу байгуулсаар ирсэн. Хүний хөгжил санд орлого төвлөрүүлж, түүнийгээ зарах тухай заалтыг хэрэгжүүлж байгаад хүчингүй болсон. Одоо Ирээдүйн өв сангийн тухай хууль хэрэгжиж байна. Энэ хуулиар санд төвлөрүүлсэн мөнгийг яаж хуримтлуулах тухай л ярьж байгаа.

    Энэ мэтээр бид өнгөрсөн хугацаанд орлого оруулах компаниуд нь ямар байх, зөв менежментийг яаж хийх, энэ бүх баялгийн эзэн нь хэн байж, хэн бодлогоор уялдуулах вэ гэдэгт анхаараагүй.

    Баялгийн сангаа бүрдүүлж, эдийн засагтаа өгөөжтэйгөөр ашиглаж байгаа орны туршлагаас харахад, баялаг гэж үзсэн зүйлээ төр хяналтдаа авч, нэгдсэн компани байгуулж, баялгаа хөрөнгө болгох бодлогын зохицуулалтаа хийдэг. Энэ компаниуд нь сайн ажилласнаар их баялаг бий болж, орлого хуримтлагдана. Өөрөөр хэлбэл, бид алаагүй баавгайн арьсаа хувааснаас биш, баавгайгаа яаж томруулж, бий болгох вэ гэдэгт 10 жил алдсан.

    -Төрийн мөнгөөр хайгуул хийдэг уул уурхайн хайгуулын компаниудыг төр мэдэлдээ авч, “Эрдэнэс Монгол” компанид сангаа төвлөрүүлнэ гэж ярьж байна. Энэ хэр зөв шийдэл вэ?

    -Норвеги Улсын жишээнээс харахад тус улсад “State-Oil” гэж компани байдаг. Компани нь баялаг олох орд газрынхаа менежментийг хийж, орлогоо бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, олсон орлогоосоо тодорхой хэмжээгээр нөөцөлж, хадгалах нь баялгийн сан юм. Сангийн болон корпорацийн менежмент нь өөр. Одоо өргөн барьж байгаа Баялгийн сангийн хуульд үүнийг яаж ялгасныг мэдэхгүй байна.

    “Эрдэнэс Эм Жи Эл" компанийг анх байгуулахдаа “State-Oil” компани шиг болгох гэж байгуулсан. Харамсалтай нь компанид энэ зорилгоор ажиллаж чадах хэмжээний мэдлэгтэй менежер ажиллаж байгаагүй. Энэ удаад ч компани байгуулах тухай яригдаж байна лээ. “Хуулийн төслөө өргөн бариагүй болохоор энэ талаар мэдээлэл алга.

    Ямартай ч сангийн удирдлагыг хэн хийх нь чухал. Норвегийн жишээн дээр тулгуурлаж ярих, хөрөнгө оруулалтын менежментийн компани гарч ирснээр олон улсын зах зээлд, ямар хөрөнгө оруулалтын хэрэгсэл дээр эх үүсвэрээ байршуулах нь бидэнд өгөөжтэй вэ гэдэг дүгнэлтийг хийх мэргэжлийн төвшний хүмүүс хэрэгтэй.

    -Нэг сан байгуулаад түүндээ хөрөнгө хуримтлуулсан ч дараагийн нам гарч ирээд өмнөх ажлыг нь үгүйсгэдэг. Тиймээс энэ асуудлыг яаж зохицуулах нь зүйтэй вэ? 

    -Нэгэнт байгуулчихсан санд менежмент хийдэг олон улсын туршлага байна. Ирээдүй хойчдоо зарцуулна гэж хадгалж байгаа бол тухайн сан хадгалагдаж байх ёстой. Сангийн тодорхой хэсгийг нь олон улсын зах зээлд өгөөжтэй байгаа хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд байршуулж, мөнгө олно. Олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг дэд бүтэц болон нийгэмд чиглэсэн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зардаг. Аляска бол иргэддээ ногдол ашиг болгож өгдөг туршлагатай.

    Улс бүр өөрийн нөхцөлд тааруулж, зохицуулалт хийдэг юм билээ. Бид ч хуулиараа зохицуулах хэрэгтэй. Одоогийн Ирээдүйн өв сангийн тухай хуульд энэ бүхэн тодорхой суугаагүй. Үүнийг мандат гэдэг зүйлээр буюу мандатыг санхүүгийн асуудал хариуцсан сайд нь баталж, сайдын үзэмжээр зарцуулалт хийхээр тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, хууль оновчтой биш байгаагийн илрэл нь сангуудын мөнгийг сайд нар төсвийн алдагдалд зарцуулах, хаахад зарцуулж байна.

    Өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сангийн бий болгосон нэг их наяд төгрөгийг Ирээдүйн өв сангийн мөнгөөр төлж байна. Ийм зарчмаар хэзээ ч явахгүй. Үүний тулд энэ дутагдалтай талуудаа засаж чадвал хуулийн ач холбогдол нь оршино.

    Эх сурвалж: Үндэсний шуудан сонин