Д.Ганхуяг: Эдийн засгийн хямралыг давах гарц нь урд хөрштэйгээ хамтарч ажиллах төлөвлөгөөг тохирох явдал

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Корановирусийн халдварын тархалт дэлхийн улс төр, улс орнуудын гадаад харилцаанд ямар өөрчлөлт авч ирж байна гэж бодож байна вэ?
-Цар тахлыг хурдах ялан дийлэхийн тулд улс орнууд хяналт ажиглалтын тэргүүний технологи, тоног төхөөрөмж, эм болон вакцин зэрэгтэй холбогдсон мэдээллийг илүү хурдацтай хуваалцах шаардлагатай. Ийм үед хамтарч ажиллаж чаддаг нь оюунлаг ухамсарт хүн төрөлхтний давуу тал. Энэ вирусийн тархалтаас өмнө дэлхийн нийгэм, эдийн засгийн амьдрал даяаршиж хүний, барааны, мөнгөний, мэдээллийн урсгалд хил хязгааргүй болсон байсныг хүмүүс сайн мэдэж, мэдэрч байгаа. Эдгээрт гол нөлөөлсөн хүчин зүйл нь орон зайнаас үл хамаарах дижитал технологийн хувьсгал, нийгмийн интернэт үйлчилгээ (SNS; social networking service) болон энэ тогтолцоо нэвтэрсэнтэй холбоотой болов уу. Гэхдээ хүн төрөлхтөн энэ зуунд байгаагүй цар тахалтай нүүр тулж ихээхэн хохиролтой байгаа ч, цар тахлын хар шуурга өнгөрч, энэ дэлхийн хүмүүс хэвээрээ үлдэх нь ойлгомжтой. Цар тахал нь өөрөө дэлхийн асуудал болсон. Энэ үед дэлхий дээр байгаа улс орнууд үндсэрхэг бие даасан байдалтай байх уу, эсвэл дэлхийн эв нэгдлийн төлөө байх уу гэдэг сонголтын өмнө байна. Ихэнх орнууд дэлхийн эв нэгдэл буюу илүү глобал талдаа байгаа нь илт харагдаж байна.Иймд цаашид орон зайнаас үл хамаарах дижитал технологи хөгжих тусам дэлхийн улс төр, улс орнуудын гадаад харилцаа илүү даяаршина гэж бодож байна.
-Судлаачид энэ цар тахал дэлхийн эдийн засгийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн сургамж боллоо гэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Цар тахал нь дэлхийн асуудал болох нь тодорхой тул, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал нь дэлхийн асуудал болох нь ойлгомжтой. Энэ эдийн засгийн хямралыг дэлхийн эв нэгдэл, улмаар глобал хамтын ажиллагааны бодлогыг баримталсан улс орнууд илүү хурдан давах болов уу гэж бодож байна. Тиймээс энэ эдийн засгийн хямралыг давах бүс нутгийн болон дэлхийн глобал төлөвлөгөө хийгдэх байх. Тухайлбал Монгол Улс энэ эдийн засгийн хямралыг давах бүс нутгийн төлөвлөгөөг эхлэн санаачилж болно. Тодруулбал Монгол Улс гадаад худалдаа, түүнчлэн экспортын 90 орчим хувь, импортын 50 хувийг урд хөрштэйгээ хийдэг. Мөн транзит тээврийн ихэнх нь урд хөршөөр дамждаг. Тиймээс урд хөршдөө энэ хямралыг давах үйл ажиллагааны төлөвлөгөөг яаралтай хамтарч хийх санаачилгыг яаралтай тавимаар байна.

 Урд хөрш цар тахлын аюулыг бүрэн хяналтадаа авчихсан байгаа. Одоо тэд хүнд байгаа орнуудтай туршлагаасаа хуваалцаж дэмжлэг үзүүлж байна. Миний үзэж байгаагаар яг өнөөдөр хоёр орны харилцаа төр, засгийн хүрээнд хамгийн сайн түвшинд хүрсэн гэж бодож байна.Энэ хоёр сарын сүүлчээр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын цар тахлын ид тархалттай БНХАУ-д хийсэн айлчлал нь түүхэн бөгөөд маш ухаалаг алхам байсан. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн мэндчилж, цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжинэ гээд, БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүссэн байдаг.
Тэгвэл БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалыг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг эш татан чин сэтгэлийн талархал илэрхийлж, мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэсэн "байдаг. Энэ боломжийг ЗГ, ГХЯ ажил хэрэг болгомоор байна. Гадаад харилцаанд энэ үед ямар ажил хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Сүүлийн сард "гадаадад байгаа тэдэн Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүллээ"гэсэн мэдээлэл гаргаж байх шиг байна. Энэ нэг их тийм сүртэй ажил биш болов уу. ЗГ тэр 30 мянган хонь бэлэглэх ажлыг тодорхой болгох нь зүйтэй. Иргэдийн хонины хандив лав 15 мянга хүрчих шиг болсон.
Мөн өнөөгийн байдлаар аж үйлдвэрийн салбарууд дотроос аялал жуулчины салбар асар их уналттай байна. Тэгвэл энэ салбарын уналтыг зогсоох цар тахлын энэ богинохон хугацаанд гарсан гайхамшигтай технологи, тоног төхөөрөмжийг ашигласан глобал төлөвлөгөөг дэлхийн улс орнууд хамтарч хийгээд, хэрэгжүүлэхэд л эдийн засгийн хямралаас гарах олон арга, менежмент ил тод болно байх.
-УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Сонгуулийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-Энэ удаагийн сонгууль Монгол Улсад өнөөгийн нийгмийн хамгийн чухал захиалга болсон шударга ёсны төлөөх сонгууль байх болов уу гэж бодож байна. Энэ шударга ёс бол хоёр хүн хоорондын эсвэл бүлэг хүмүүсийн хооронд яриад байгаа шударга ёс биш ээ. Энэ бол хуулийг мөрдөх, улмаар бүх хүн дээр, дооргүй хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй, хариуцлагатай байх шударга ёсыг хэлж байгаа юм. Энэ сонгуулиар төрд шургалсан хулгай хийдэг эсвэл авлигалч хүмүүсээс салах боломж гэж харж байна. Тиймээс төрд ёс зүйтэй, шударгаар хоёргүй сэтгэлээр ажилладаг нь нотлогдсон, эсвэл төрд шударга ажиллах баталгаатай тийм нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн нам сонгуульд амжилттай оролцох болов уу гэж харж байна. Танай сониноор дамжуулан иргэд сонгогчдодоо хандаж сонгуулиар мөнгө тарааж та бүхнийг хуурдаг хүмүүсийг л битгий сонгоорой гэж хэлэх байна. Хуулийн засаглал тогтсоноор нийгэмд шударга ёс үнэ цэнэтэй болж, ардчилал бэхжин улс орон маань хурдацтай хөгжин дэвжих болно оо.
-Цар тахлын эсрэг эрх баригчдын авч буй арга хэмжээ манай улсын эдийн засагт эерэг үр дүн авч ирж чадах болов уу?
-Судалгаанд үндэслэсэн эдийн засгийн аливаа арга хэмжээ эерэг үр дүн өгөх нь ойлгомжтой. Зарим орнууд 3, 4 дэх эдийн засгийн арга хэмжээгээ аваад явж байна. Бараг гурван сар ярилаа. Монголбанкны нөгөө дэлхийд ховорхон өндөр бодлогын хүүгээ сард нэг хувиар бууруулсныг эс тооцвол хэрэгжсэн зүйл алга. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн нь өөр өөр зүйл баахан ярилаа. Яриад л байна. Угаасаа санхүү, зээл,төсөв, татварын хөнгөлөлт зэрэгтэй холбоотой асуудлыг Үндсэн хуульд зааснаар УИХ шийдэх онцгой бүрэн эрхтэй. Улс төрчид судалгаагүй, шийдвэрлээгүй байгаа асуудлыг шийдсэн байдлаар яриад, шийдвэрлэхдээ өөр шийдвэр гаргаад байгаа нь иргэдийн төрд итгэх итгэлийг л бууруулдаг. Солонгос, Тайван, Сингапур зэрэг орнуудын төр,засаг энэ цар тахлын халдварын асуудлаар ард түмнээ шинжлэх ухааны үндэслэлтэй зөв, үнэн мэдээллээр тогтмол хангаснаар олон түмнийхээ итгэл, дэмжлэгийг авч, улмаар иргэдтэйгээ хамтарч ажилласнаар цар тахлын халдварыг бүрэн хяналтанд оруулж чадлаа гэсэн мэдээлэл гарч байна. Дэлхий даяар короногоор сонгуульд чиглэсэн улс төр хийх нь аюултай, асар их хохиролыг дагуулах болно гэдгийг анхааруулсаар байна.
-Хөл хорио, экспортын зогсонги байдлын улмаас эдийн засаг бизнесийн салбарууд уналтад орж байна. Энэ уналт хэдий хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?
-Иргэд, Аж ахуйн нэгжүүдэд эдийн засаг, аж үйлдвэрийн салбаруудын байдлын талаар мэдээлэл их дутмаг байна аа. Мэдээлэл сайн байвал тэртэй тэргүй эдийн засгийг нуруундаа үүрдэг нөгөө л иргэд, хувийн хэвшлийн ААН л зөв гарцаа олж эдийн засгийн уналтыг багасгах, зогсоохын төлөө зүтгэж үр дүн гаргах нь дамжиггүй. Төр, засаг бизнесийн сайн орчныг бий болгох, дэмжих үүрэгтэй, харин садаа болдоггүй баймаар байна. Одоогийн байдлаар төр, засгийн буруу бодлого, шууд оролцоо болон коронагийн хорио цээртэй хамтраад махны экспортын, ноолуурын салбараа цааш нь харуулахад дөхөж байх шиг байна.Махны экспортод квот тогтооно гэсэн шийдвэр гаргаад, нөгөөхөө тогтоохдоо хүнд суртал, дамжлага нь хэрээс хэтэрч хугацаа алдсанаар нэлээн олон ААН энэ бизнесээрээ шатах шиг боллоо. Ноолуурт төр оролцохоо болиод олон жил болж зах зээлийн зарчмаар овоо жигдрээд явж байсныг нь Засгийн газар түүхий эд худалдан авагч үйлдвэр, компаниудын өмнүүр гэв гэнэт давхиж ороод ноолуур авах үнийг зарлаад будилаан тарьчих шиг боллоо. Эдийн засгийн уналт цар тахлаас хамаарна. Цар тахал нь халдварт өвчин тул хэзээ аюулгүй болохыг хэн ч таах боломжгүй болов уу.
-Та УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүн. Эдийн засгаа дэмжихийн тулд ямар ямар арга хэмжээ авбал оновчтой шийдэл болно гэж бодож байна вэ?
-Дарга бүхнийг мэддэг гэдэг ойлголтоос улстөрчид татгалзах тийм цаг үе ирсэн байна.Төр,засаг аливаа шийдвэрийг судалгаагаагаар мэргэшсэн болж өгвөл хараат бус байгууллагын ( think tank) судалгаанд үндэслэн гаргадаг тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн хамгийн их хүсч байгаа зүйл нь улс орнуудын хамтын ажиллагаа гэж хэлэх байна. Эхлээд худалдааны гол түнш Урд хөрштөй цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг тохирох хэрэгтэй, энэ нь хамгийн зөв гарц болох талаар дээр хангалттай тайлбарласан. Дараа нь төр,засаг экспортыг эрс нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх, дэмжих бодитой арга хэмжээнүүдийг хурдацтай авах. Хямрал бол боломж гэдэгт олон утга санаа агуулагддаг. Товчхон хэдэн санаа хэлье. Энэ дэлхийг донсолгосон цар тахал тархаж буй энэ богинохон хугацаанд олон оронд шинэ текнологи, дэвшилтэд тоног төхөөөрөмж, шинэ public менежментүүд гарч байна. Эдгээрийг судалж дордуулалгүй нэвтрүүлэх. Дотооддоо шийдлээ хүлээсэн олон асуудлуудыг шийдэх, хөгжилд садаа болсон асуудлуудаа засах боломж гарч байна. Тухайлбал энэ утга учиргүй мөнгө хэвлэж төгрөгийн ханшийг унагаадгаа зогсоож, мөнгө хэвлэх үндэслэл, ил тод байдлыг тодорхой болгож хуульчлах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд түүхэнд байгаагүй 9.5 их наяд төгрөгийг хэвлэж зах зээлд нийлүүлснээс болоод төгрөгийн ханш 40 гаруй хувиар унаж, 2014-2015 онд ядуурлыг хамрах хүрээ 20 хувьтай байсан бол одоо 30 гараад явчихлаа. Хэдийгээр энэ үед төр, засаг 10 орчим багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгаа ч төгрөгийн ханшны уналтыг тогтворжуулж төгрөгийн ханшны уналтыг тогтворжуулж чадахгүй бол ямар ч үр дүнгүй болоод дуусна. Монгол айл өрхүүд өдөр тутмын өргөн хэрэглээний бараанууд дотроо импортын барааны агууламж ихтэй. Төгрөгийн ханш унах тусам компаниудад импортын барааныхаа үнийг нэмэх л гэсэн ганц сонголт үлддэг. Энэ арилжааны банкны хадгаламжийн хүүд дээд хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй. Бидний урд явж байгаа хөгжилтэй орнуудад ч ийм арга хэмжээг авсан. Мөн сүүлийн жилүүдэд ББСБ-ын тоо, эндээс хийгдэж байгаа санхүүжилт, олгогдож буй зээлийн хэмжээ ч илт нэмэгдлээ. Энэ ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хязгаарыг иргэдээ дампууруулахаас аврахын тулд тогтоосон орнууд ч байгаа. Хадгаламж болон зээлийн хүү хэт өндөр байгаа нь эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварын өсөлтөд том садаа болж байна. Хүүлэлт эдийн засагт их нөлөөтэй байгаа тохиолдолд мэдлэг, дэвшилтэд технологид суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах аж үйлдвэр хөгжих боломжгүй гэж үздэг. Тийм учраас л манай улсад бүтээмж ерөөс дээшлэхгүй байна.
Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжөөрөө нэлээд хойгуур бараг баян ходоод болчхоод явж байгаа. Тэгэхээр энэ төрийн байгууллагуудын контор барих уралдаанаа одоо больсон нь дээр ээ. Контор нь төсвийн урсгал зардлыг л нэмэгдүүлдэг. Нөгөө талаас төрийн үйл ажиллагаанд дижитал технологийг нэвтрүүлж төрийн албан хаагчдын орон тоог бууруулах боломж байгаа. Энэ нь багш эмч нарт хамааралгүй. Ер нь манай улс ардчиллаас өмнө дарга бүхнийг шийддэг Дарга улс байсан бол одоо Контор улс болсон гэдэг ёжлол бодит байдал шүү. Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт төрийн оролцоо нэлээд нэмэгдчихлээ. Тэр энэ тэндхийн хурлын үеэр гарын үсэг зурдаг гол ажилтай алдаатай ажилладаг, эсвэл өөрийгөө санхүүжүүлж чаддаггүй төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд benchmarking хийгээд жагсаалт гаргаж байгаад үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна.
-Та манай улсын томоохон бизнес эрхлэгчийн нэг. Нууц биш бол эдийн засгийн энэ хүнд үед танай компанийн орлого буурсан уу. Танай компани ажилчдаа цомхотгох уу. Ер нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Гол нь худалдаа үйлчилгээний салбарын орлого бараг 50 гаруй хувиар буурч байх шиг байна. Манай компанийн Хувьцаа эзэмшигчдийн философи нь Хувь нийлүүлэгч байгаа учир компани оршин тогтнох биш сэтгэлтэй, туршлагатай ажилтнууд, ажилчид маань байгаа учир компанийн үйл ажиллагаа тогтвортой явдаг гэж үздэг. Иймээс цалин бууруулах, ажлаас халах гэдэг яриа огт гараагүй байна.
-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй. Тодотгол хийхгүй байх боломжтой гэж удаа дараа мэдэгдсэн. Сангийн сайдын хэлж байгаа шиг тийм боломж бий гэж үү?
-Сангийн сайдын ажлыг би мэдэхгүй. ЗГ-ын хямралыг давахад зарцуулах хөрөнгийн хэмжээгэээ 5.1 их наяд гэх шиг болсон. Энэ хөрөнгийн хэмжээ нь энэ оны төсвийн орлогын 40 гаруй хувьтай тэнцэж байх шиг байна. Тэгэхээр төсөвт тодотгол хийх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Засгийн газрын үндсэн ажил нь үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх, хуулийг биелүүлэх, биелэлтийг хангах үүргийг УИХ-ын өмнө хариуцдаг, энэ хэвээрээ байгаа болов уу гэж бодож байна. Зүгээр мөнгө хэвлээд шийднэ гэвэл төгрөгийн ханшны уналт талийж өгөх байх. Ингэх юм бол нөгөө ядуурлыг хамрах хүрээ талийж өгөх байх аа. Нөгөө талаас дээр дурдсан хямрал бол боломж гэдэг утгаараа улсын төсөвт суусан төрийн байгууллагын контор барихаас эхлээд үр өгөөж муутай урсгал зардлаа сайн таначих юм бол Монгол Улсын ирээдүйд л хэрэгтэй байх. Конторын барилга олныг барьснаар сонгуульд амжилт олно гэж байхгүй болов уу даа.
-Монгол Улсын өр бараг 30 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Ирэх жил ихээхэн хэмжээний өр төлөх болно. Энэ өрийг төлөх боломж өнөөдөр харагдахгүй байна гэж эдийн засагчид хэлж байгаа. Өрийг зөв удирдахын тулд ямар арга хэмжээг одооноос авах боломж байна вэ?
-Энэ өрийг тодорхой ялгаж зааглаж ярьсан нь дээр. 30 тэрбум $-ын өр нь Монгол Улсын нийт өр байх шүү. Энэ өрийн 70 гаруй хувь нь хувийн компаниудын гадаадаас зээлсэн өр. Энэ хувийн компаниудын өөрсдөө гаднаас зээлсэн өрийг Засгийн газар хэзээ ч татвар талөгчдийн хөрөнгөөр төлөхгүй хуультай болоод 30 жил өнгөрч байна. 2016-2020 оны хооронд ЗГ-ын төлөх өр 2.8 дахин нэмэгдсэн гэсэн мэдээлэл яваад байна.Өнөөгийн байдлаар Засгийн газрын төлөх өр найм орчим тэрбум ам$, төгрөгт шилжүүлэхэд 22.3 их наяд төгрөг, энэ нь манай улсын нэг иргэнд долоон сая.төгрөг ногдож байх шиг байна. 2016 онд энэ тоо 2.5 сая.төгрөг орчимд байсан болов уу. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн эрх баригч МАН нь нийт өрийг хүн амд хуваагаад нэг иргэнд оногдох өрийг 15 сая.төг болгосон гээд АН-ыг гүтгэчихсэн. Энэ бол нөгөө төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэж ярьдаг хуулийн заалтанд нийцэх талтай л гүтгэлэг бололтой. Одоо энэ өрөөр улс төр хийдгээ хаа хаанаа больсон нь дээр байх аа,
-Та “Монголоо шинэчилье клуб”-ийн тэргүүн. Энэ клубийнхээ тухай товч танилцуулаач?
-Энэ клуб нь эдийн засаг, хөгжлийн зэрэг талаар судалгаа хийдэг 2014 онд бидний санаачлан байгуулсан ТББ. Эрхэм зорилго, уриа нь "Бүтээлч Монгол Хүнээ дэмжье",
"Хичээсэн Хүн Сайхан Амьдрах Орчинтой Итгэл Төгс Монгол Орноо Хөгжүүлье" юм. Энэ клубийн гишүүд Сүүлийн 10 жилийн МУ-ын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжилтэй орнуудын туршлага зэргийг судалсны үндсэн дээр ирэх 10 жилийн дотор "Монгол Хүний Бодит Орлогыг хоёр дахин Нэмэгдүүлэх" санаачилгыг гаргаж санаачилгын тоон зорилгыг МУ-ын нийт эдийн засгийг ( ДНБ-аар)40 тэрбум$, нэг хүнд оногдох ДНБ 10,000$т хүргэх гэж тодорхойлж, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хийх ажил, хүрэх үр дүнгийн талаар судалгаа хийж 07.01.2020-д олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулсан. Энэ санаачилга, зорилгын уриаг Дэлхийн Дундаж Орлоготой Монгол Хүн гэж томьёолсон. Нэг хүнд оногдох ДНБ -ын 10,000$ дэлхийн дундаж юм. Энд хүрснээр монгол хүний амьжиргааны чанар дэлхийн дундаж түвшинд хүрэх болно оо. 2019 онд нэг хүнд оногдох ДНБ 4100 орчим$, үүний 10 хувь нь буюу 400$ нь улсын дундаж цалин болох төрийн албан хаагч, багш эмч нарын цалин байна. Тэгэхээр эдийн засгаа гурав дахин тэлснээр нэг хүнд оногдох ДНБ 10,000$ болох юм. Ингэхэд улсын дундаж цалин 1000$ доллар болох нь ойлгомжтой. Ингэж чадвал гадаадад ажиллаж, сурч байгаа 200 мянга гаруй залуус маань эх орондоо ирж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болно гэж харж байна. Энэ бол зорилго, ямар нэгэн сонгуулийн амлалттай огт холбоогүй. Бид Монгол Улсын эдийн засгийг яавал гурав дахин, аль болох богино хугацаанд тэлж болох талаар судалгаа хийж байна. Өнөөгийн байдлаар 6-8 жилд эдийн засгийг гурав дахин тэлж нэг хүнд оногдох ДНБ-ыг 10,000$-т хүргэх боломжтой гэсэн тооцоо, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт гараад байна.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-АН-ын ҮБХ-ны гишүүний хувьд нэр дэвших нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Миний хувьд энэ нэг их чухал асуудал биш.

Эх сурвалж :"Ардчилал таймс сонин"