Б.Баттулга: Тодорхойгүй шалтгаанаар 50 гаруй иргэн ирсэн байна

  • Хилийн чанад дахь иргэдэд туслах зориулалттай сангаар дамжуулж гадаадад байгаа монголчууддаа туслах ёстой
  • Ө.Энхтүвшин даргын хүү "Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт ороод ирчихсэн нь дарга нар энэ мэтээр гэр бүлээ эхлээд авчраад байгаа юм биш үү гэсэн хардалтыг төрүүлж байна

Коронавирусийн цар тахал гадаадад буй монголчуудад хүндээр тусаж буй. Хилийн чанадад буй иргэдэд туслах зориулалттай Засгийн газрын тусгай сан байдаг бөгөөд тус сангаас иргэдээ дэмжих хэрэгтэйг дипломатч Б.Баттулга хэлж байна. Тэрбээр өмнө нь БНСУ дахь Монголын ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Энэ асуудлаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Коронавирусийн дэгдэлтээс болж гадаадад буй монголчууд ажилгүй, орлогогүй, эх орондоо буцаж чадахгүй байдалд ороод байна. Нэгэнт өдөр бүр онгоц нисгэж, иргэдээ авчирч чадахгүй энэ үед Монголын төр тэдэнд яаж туслах боломжтой вэ?

-Зөвхөн Сөүлд гэхэд Монгол руу буцах хүсэлтэй 3000 иргэн байна. Тэр хүмүүсийн байр байдлыг харвал Засгийн газар шийдтэй арга хэмжээ авахгүй бол хэцүүдэх нь. Гадаад харилцааны яаманд Гадаадад буй иргэдэд туслах сан гэж байдаг. Тус сангийн дүрмээр хилийн чанадад байгаа Монгол Улсын төлбөрийн чадваргүй иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх бөгөөд хилийн чанадад эрх нь зөрчигдсөн Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор гадаад улстай харилцах эрх зүйн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардлыг санхүүжүүлэх ёстой юм. Тэгэхээр гадаадад байгаа монголчууддаа Засгийн газар анхаарал тавьж, тэдгээр иргэнд тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг тус сангаар дамжуулан өгөх ёстой гэж бодож байна. Тухайлбал, АНУ-аас БНСУ-д ирсэн монголын иргэн өөрөө төлбөрөө төлж дахин 14 хоног ганцаараа тусгаарлагдах шаардлагатай болж байгаа. Тус шаардлагаар буудалд бууж болохгүй юм билээ. Гэтэл Солонгост хэзээ ч 14 хоногоор байр түрээсэлдэггүй. Хэдэн сараар гэрээ хийж, барьцаа хөрөнгө авч байж байраа түрээслүүлдэг. Энэ зардлаа нөгөө хүн маань өөрөө гаргана. Солонгосын 14 хоногийн тусгаарлалтаас гарсан иргэн наашаа ирэх гэхээр нислэг байхгүй. Дахиад л амьдрах зардал хэрэгтэй болно. Өнөөдөр УОК-т иргэд, аж ахуйн нэгжүүдээс багагүй хэмжээний хандив ирж байгаа. Тэр хөрөнгөнөөс Иргэдэд туслах санд шилжүүлээд гадаадад байгаа иргэддээ туслах ёстой гэж бодож байна.

-Тус сангаас нэг хүнд хэдий хэмжээний тусламжийг олгох ёстой байдаг вэ? 

500-1000 орчим ам.доллар. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын хувьд визийн зөрчилтэй иргэнийг саатуулаад, өөрөөр нь зардлыг гаргуулах гэж нэлээн шахдаг. Зарим иргэн энэ хугацаанд төлбөр мөнгөө төлөөд эх орондоо ирэх нь бий. Бүр болохгүй бол тус улсын Хууль зүйн яамнаас зардлыг нь гаргаж, албадан буцаадаг. Харин визийн зөрчлөөс бусад тохиолдолд Элчин сайдын яаман дээрээ өргөдөл гаргаад, тэр дагуу ГХЯ-руу мэдэгдээд тусламж өгдөг юм. Гадаадад байгаа монголчууд маш олон асуудалтай тулгардаг. Тус улсад ажил хийж байгаад нас барчихсан тохиолдолд шарил чандарлах, чандрыг нь Монгол руу явуулах хүртэл асуудал гарна. Ар гэрийнхэн нь БНСУ-д ирэх боломжгүй үед ЭСЯ-ныхан энэ асуудлыг шийднэ. Эсвэл эмчилгээ хийлгэж байгаад төлбөрийн чадваргүйгээсээ болоод эмнэлгийнхээ барьцаанд орчихсон нь ч бий. Энэ мэт асуудалд Иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулдаг.

-Тусгай үүргийн онгоцоор Монгол Улс иргэдээ авч байгаа. Гэвч энэ ажил яг тусламж хэрэгтэй хэсэгтээ биш, дарга нар гэр бүлээ авчирж байна гэсэн гомдол их гарч байна. 

-БНСУ дахь Монголын ЭСЯ-ны вэб сайтан дээр ямар хүмүүсийг эхний ээлжинд авчрах вэ гэсэн шаардлагыг тавьсан байна. Эмчийн хяналтад байгаа, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийн асран хамгаалагч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл “Хүндэтгэн үзэх шалтгаантай” гэсэн шалтгаанаар хамгийн сүүлийн Сөүлийн нислэгээр 50 гаруй хүн авчирсан байна. Дээр дурдсан шалтгаанууд чинь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу. Тиймээс л онгоцонд багтаагүй иргэд бухимдаад байгаа юм. 

-Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн нэрийг нууцалж байгаа нь иргэд хардах шалтгаан болоод байна л даа.

-256 хүн ирлээ гэхэд цаана нь утсаар бүртгүүлсэн ч суудалд багтаагүй 1600 хүн байна. Тэр хүмүүс “Би ямар шалтгаанаар үлдчихэв ээ” гэдэг асуудал гарч ирнэ. УОК-ын даргын хүү жишээлбэл тусгай үүргийн онгоцоор ирсэн байна. Тэр хүн “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт ороод ирчихсэн нь дарга нар энэ мэтээр гэр бүлээ эхлээд авчраад байгаа юм биш үү гэсэн хардалтыг төрүүлж байна.

 

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН